3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."соёлын өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг;

3.1.2."соёлын биет өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг;

3.1.3.“түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.1.4."түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл" гэж тодорхой орон зайд шилжүүлэн байрлуулах боломжтой дурсгалыг;

3.1.5."соёлын биет бус өв" гэж хамт олон, бүлэг, хувь хүн соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн зан заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, уламжлалт мэдлэг, арга барил, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйл, зэмсэг, урлагийн бүтээл, соёлын орон зайг;

3.1.6."соёлын өвийн дурсгалт газар" гэж соёлын биет болон биет бус өв нь байгаль орчин, уламжлалт ахуйтайгаа харилцан шүтэлцсэн соёлын орон зай, газар нутгийг;

3.1.7."түүх, соёлын дурсгалт газар" гэж энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлийг;

3.1.8."соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч" гэж соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн, түүнийгээ олны хүртээл болгож, дараагийн үедээ өвлүүлэн уламжлуулж байгаа хамт олон, бүлэг, хувь хүнийг;

3.1.9."шавь сургалт" гэж соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчаас тодорхой мэдлэг, арга ухаан, ур чадварыг шавьдаа биечлэн заан сургаж, эзэмшүүлдэг сургалтын арга барилыг.

СОЁЛЫН ӨВИЙН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.