42 дугаар зүйл. Соёлын өвийн дурсгалт газар
42.1.Улсын Их Хурал соёлын өвийн дурсгалт газрын унаган төрх, соёлын үнэт зүйлийн язгуур шинжийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргаж, хилийн заагийг батална.
42.2.Соёлын өвийн дурсгалт газар байгуулах саналыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газарт өргөн мэдүүлнэ. Саналд тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг харгалзан үзэж болно.
42.3.Соёлын өвийн дурсгалт газарт үндэсний болон дэлхийн өвийн дурсгалт газар хамаарна.
42.4.Соёлын өвийн дурсгалт газрыг дараах бүсэд хуваана:
42.4.1.хамгаалалтын бүс;
42.4.2.орчны бүс.
42.5.Соёлын өвийн дурсгалт газарт хэд хэдэн түүх, соёлын дурсгалт газар байрлаж болно.
42.6.Хамгаалалтын болон орчны бүсэд байгаль, соёлын өвд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж болно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
42.7.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын менежментийг хариуцан хэрэгжүүлэх үүрэг бүхий хамгаалалтын захиргаа ажиллана.
42.8.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаа энэ хуулийн 43, 44-т заасан үйл ажиллагаатай уялдуулан нэмэлт дэглэм тогтоож болно.
42.9.Соёлын өвийн дурсгалт газрын хамгаалалтын захиргаанд хэд хэдэн дурсгалт газрын хамгаалалтын асуудлыг харьяалуулж болно.