14 дугаар зүйл. Гэрээлэгч эрх, үүргээ бусдад шилжүүлэх

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Гэрээлэгч эрх, үүргээ бусдад шилжүүлэх

14.1.Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг бүхлээр нь, эсхүл гуравны нэг буюу түүнээс дээш хувийг Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхгүй.

14.2.Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг бусдад шилжүүлэх тохиодолд хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад гаргана.

14.3.Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 14.2-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүгнэлт гаргаж, төрийн захиргааны төв байгууллагад хүргэнэ.

14.4.Төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.3-т заасан дүгнэлтийг хянан үзээд 30 хоногийн дотор Засгийн газарт саналаа хүргүүлж, холбогдох шийдвэр гаргуулна.

14.5.Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тохиолдолд гэрээлэгч, төрийн захиргааны байгууллага болон гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч байгаа этгээдийн хооронд гурван талт гэрээ байгуулна.

14.6.Гэрээлэгч бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг шилжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 34.7, 34.8-д заасан төлбөрийг төлнө.

14.7.Гэрээлэгч болон гэрээний эрх, үүргийг шилжүүлэн авч байгаа этгээд эрх, үүрэг шилжүүлэхэд төлсөн төлбөрийн хэмжээг шударгаар мэдээлнэ.

14.8.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 14.3-т заасан дүгнэлт гаргахдаа хайгуул хийсэн хугацаанд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлсэн эсэх талаарх байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг харгалзан үзнэ.

ЭРЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.