20 дугаар зүйл. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Хайгуулын талбайн захиалга хүлээн авах

20.1.Хайгуулын талбайн захиалга хүлээн авах хугацаа 60 хүртэл хоног байх бөгөөд хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш тав хоногийн дотор захиалга хүлээн авах эцсийн хугацааг төрийн захиргааны байгууллага зарлана.

20.2.Хайгуулын талбайн захиалгыг төрийн захиргааны байгууллагад битүүмжлэн ирүүлэх ба түүнд дараах баримт бичгийг хавсаргана:

20.2.1.захиалагчийн эрх зүйн байдлыг нотлох баримт бичиг;

20.2.2.захиалагч, түүний хөрөнгө оруулагчийн танилцуулга;

20.2.3.захиалагчийг төлөөлөх хүний овог, нэр, албан тушаал, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг, түүнд эрх олгосныг нотлох баримт;

20.2.4.захиалагчийн техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн чадварыг нотлох баримт бичиг;

20.2.5.хайгуулын ажилд зарцуулах хөрөнгийн баталгаа;

20.2.6.хайгуулын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, төсөв;

20.2.7.энэ хуулийн 34.5-д заасан үйлчилгээний хөлсийг төлсөн баримт;

20.2.8.захиалагч нь түншлэл байвал түүний оролцогч талуудын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг, оролцох хувь, хэмжээ.

20.3.Төрийн захиргааны байгууллага хайгуулын талбайн захиалга хүлээн авсан эсэх талаар ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.4.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага захиалагчийн талаарх мэдээллийг гэрээ байгуулах хүртэл гуравдагч этгээдэд задруулахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.