22 дугаар зүйл. Үнэлгээ, олборлолтын туршилт

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Үнэлгээ, олборлолтын туршилт

22.1.Гэрээлэгч хайгуулын цооногоос газрын тос илэрснээс хойш 15 хоногийн дотор энэ тухай төрийн захиргааны байгууллагад албан ёсоор мэдэгдэж, цооногийг бүртгүүлнэ.

22.2.Гэрээлэгч цооногийг бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор уг цооногт туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэн нээлтийн цооног мөн эсэхийг тодорхойлж, төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх бөгөөд газрын тосны нээлтийн цооног бүртгэгдсэн тохиолдолд 90 хоногийн дотор үнэлгээний хөтөлбөр, төслийг төрийн захиргааны байгууллагаар батлуулна.

22.3.Гэрээлэгч үнэлгээний хөтөлбөрөөр үр ашигтай нээлт мөн эсэхийг тогтоож, нөөцийн үнэлгээг тусгасан үнэлгээний ажлын тайланг үнэлгээний ажил дууссанаас хойш 90 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

22.4.Цооногийн олборлолтын туршилтын хугацаа 180 хоногоос хэтрэхгүй байна.

22.5.Олборлолтын туршилтаар олборлосон түүхий тосыг худалдаж, экспортолж болох бөгөөд нөөц ашигласны төлбөр, ашигт газрын тосны хэмжээг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна.

22.6.Олборлолтын туршилтын хугацаа дууссанаас хойш ашиглалт эхэлтэл тухайн цооногийн олборлолтыг зогсооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.