4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."газрын тос" гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хатуу, шингэн, хийн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдэл /түүхий тос, байгалийн хий/-ийг;
4.1.2."түүхий тос" гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд шингэн төлөвт орших нүүрс-устөрөгчийн нэгдлийг;
4.1.3."байгалийн хий" гэж газрын хэвлийд болон агаарын хэвийн даралт, хэмд хийн төлөвт дангаар орших нүүpс-устөpөгчийн нэгдлийг;
4.1.4."уламжлалт бус газрын тос'' гэж байгалийн битум, шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хийг;
4.1.5."нүүрсний давхаргын метан хий" гэж нүүрсжих явцад нүүрсэнд хуримтлагдсан хийг;
4.1.6."газрын тостой холбогдсон үйл ажиллагаа" гэж газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах, хадгалах, тээвэрлэх, борлуулах, татан буулгахтай холбогдсон үйл ажиллагааг;
4.1.7."эрэл" гэж тодорхой нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хэтийн төлөвийг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизикийн тойм судалгааны ажлыг;
4.1.8."хайгуул" гэж газрын тосны орд нээж, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор гүйцэтгэх геологи, геохими, геофизик, өрөмдлөг, олборлолтын туршилтын ажлыг;
4.1.9."үнэлгээ" гэж нээлтийн цооногоор илрүүлсэн хуримтлал нь үр ашигтай нээлт болох эсэхийг тодорхойлох зорилгоор хийх ажлыг;
4.1.10."хайгуулын талбай" гэж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хайгуул хийхээр зарласан талбайг;
4.1.11."гэрээлэгч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулсан компанийг;
4.1.12."оператор компани" гэж гэрээлэгчийн газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч компанийг;
4.1.13."туслан гүйцэтгэгч" гэж газрын тостой холбогдсон үйл ажиллагааны тодорхой хэсгийг гүйцэтгэхээр гэрээлэгчтэй, эсхүл оператор компанитай гэрээ байгуулсан, Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээдийг;
4.1.14."бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэж энэ хуулийн хүрээнд газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, гэрээлэгчийн хооронд байгуулсан гэрээг;
4.1.15."ашиглалтын талбай" гэж газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн талбайг;
4.1.16."ашиглалт" гэж газрын тос, уламжлалт бус газрын тосны орд ашиглалтын бүтээн байгуулалт, олборлолтын үйл ажиллагааг;
4.1.17."бүтээн байгуулалт" гэж олборлолтын байгууламж, дамжуулах хоолой, дэд бүтцийг хүргэлтийн цэг хүртэл барихыг;
4.1.18."олборлолт" гэж хүргэлтийн цэг хүртэлх бүтээн байгуулалтаас бусад олборлохтой холбогдсон бүх үйл ажиллагааг;
4.1.19."татан буулгалт" гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, барьсан барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг;
4.1.20."нээлтийн цооног" гэж газрын тосны хуримтлалыг илрүүлсэн цооногийг;
4.1.21."нээлт" гэж хайгуулын цооногоор тогтоосон газрын тосны хуримтлалыг;
4.1.22."олборлолтын туршилт" гэж эдийн засгийн үр ашгийг тогтоох зорилгоор гүйцэтгэх энэ хуулийн 22.4-т заасан хугацааны олборлолтыг;
4.1.23."газрын тосны орд" гэж геологийн хувьсал, өөрчлөлтөөр газрын хэвлийд үүссэн, чанар, нөөц нь тогтоогдсон газрын тосны хуримтлал бүхий бүтэц, давхарга зүйн онцлогоор төстэй нэг буюу хэд хэдэн хураагуурыг;
4.1.24."үр ашигтай нээлт" гэж тухайн үеийн техник, технологийн түвшинд ашиглахад эдийн засгийн үр ашигтай газрын тосны хуримтлал бүхий хураагуурыг;
4.1.25."хүргэлтийн цэг" гэж Засгийн газар болон гэрээлэгчид гэрээний дагуу ногдох газрын тосыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэмжиж, хуваах цэгийг;
4.1.26."нөөц ашигласны төлбөр" гэж олборлосон газрын тосонд ногдуулах төлбөрийг;
4.1.27."хайгуулын ажлын зардал" гэж энэ хуулийн 4.1.8-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;
4.1.28."бүтээн байгуулалтын зардал" гэж энэ хуулийн 4.1.17-д заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;
4.1.29."үйл ажиллагааны зардал" гэж ашиглалтын талбайд бүтээн байгуулалтын болон татан буулгалттай холбогдон гарсан зардлаас бусад газрын тос олборлохтой холбогдон гарах зардлыг;
4.1.30."татан буулгалтын зардал" гэж бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаа дуусгавар болох үед гэрээлэгчээс байгаль орчныг бүрэн гүйцэд нөхөн сэргээх, олборлолтын цооногийг хаах, барилга байгууламжийг татан буулгах, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг;
4.1.31."өртөг нөхөгдөх зардал" гэж хайгуул, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа, татан буулгалтын зардлын нийлбэрийг;
4.1.32."өpтөгт газрын тос" гэж газрын тосноос энэ хуулийн 4.1.31-д заасан зардлыг нөхөхөд зориулж энэ хуулийн 32.3-т заасан хувиар тооцсон газрын тосыг;
4.1.33."ашигт газрын тос" гэж хүргэлтийн цэг дээр хэмжсэн нийт газрын тосноос энэ хуулийн 4.1.26, 4.1.32-т заасан газрын тосыг хасаад Засгийн газар болон гэрээлэгчийн хооронд хуваах газрын тосыг.