6 дугаар зүйл. Шилэн дансны мэдээлэл
6.1.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ:
6.1.1.тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор;
6.1.2.хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор;
6.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;
6.1.4.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор;
6.1.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор;
6.1.6.төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:
6.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсөв, гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлт;
6.2.2.орлого /үндсэн үйл ажиллагааны орлого, төсөвт байгууллагын өөрийн орлого/;
6.2.3.урсгал зардал /цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, бусад урсгал зардал, хөрөнгийн зардал, татаас шилжүүлэг/;
6.2.4.хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, төр, хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.5.улсын төсөв болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа;
6.2.6.зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр /улсын төсөв, орон нутгийн төсөв, өөрийн орлого/.
6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан мэдээлэл дараах байдлаар илэрхийлэгдсэн байна:
6.3.1.Төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 6.2.1-д тодорхойлсон үзүүлэлт, хүрсэн үр дүн, хэрэгжилтийг хэмжих тоон болон чанарын үзүүлэлт;
6.3.2.төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт;
6.3.3.төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар;
6.3.4.өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогын давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх;
6.3.5.хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт;
6.3.6.хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээг тендер зарлаж, сонгон шалгаруулсан бол шалгаруулалтын ерөнхий мэдээлэл;
6.3.7.хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, обьект тус бүрээр;
6.3.8.тусгай сангийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт;
6.3.9.орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл.
6.4.Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:
6.4.1.тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлт;
6.4.2.тухайн байгууллагын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт;
6.4.3.тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
6.4.4.таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг;
6.4.5.цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга, хүлээн авагчийн нэр;
6.4.6.худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн;
6.4.7.байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт;
6.4.8.бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, төсөв, өмч, хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.4.9.хууль тогтоомжид заасан бусад мэдээлэл.
6.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.1, 6.4-т заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг гаргана:
6.5.1.улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, төсвийн нэгдсэн үзүүлэлтийг хагас жилийн байдлаар тухайн жилийн 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор, жилийн эцсийн байдлаар дараа жилийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.5.2.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээг улирал бүр;
6.5.3.Засгийн газрын гадаад, дотоод өрийн мэдээллийг улирал бүр;
6.5.4.улсын төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны тайлбарыг улирал бүр;
6.5.5.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг сар бүрийн 15-ны өдрийн дотор;
6.5.6.төсвийн гүйцэтгэл болон аудит хийсэн санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа жилийн 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор;
6.5.7.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дотоод үнэт цаасны мэдээллийг улирал бүр;
6.5.8.төр, хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.9.төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.10.төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан тухай бүрд хувийн хэвшлийн түншлэгч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.11.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.5.12.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлттэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.
/Энэ заалтыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.6.Эдийн засгийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.1, 6.4-т заасан мэдээллээс гадна дараах мэдээллийг гаргана:
6.6.1.концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.6.2.концессын гэрээ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гэрээ байгуулагдсанаас нь хойш долоо хоногийн дотор;
6.6.3.концессын гэрээ байгуулсан тухай бүрд концесс эзэмшигч, түүний байгууллагын нууцад хамаарахаас бусад мэдээлэл, концессын зүйл, гүйцэтгэх ажил, үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг долоо хоногийн дотор;
6.6.4.хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын гадаад үнэт цаасны мэдээллийг улирал бүр;
6.6.5.улсын төсвийн нэгдсэн үзүүлэлтийг макро эдийн засгийн үзүүлэлт, холбогдох бусад үзүүлэлтүүдтэй уялдуулсан судалгаа, тооцоог улирал бүр.
/Энэ хэсгийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.7.Нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон бусад төрийн захиргааны байгууллага нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийн жагсаалтыг тухайн этгээдийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн хамт цахим хуудсанд байрлуулан тухай бүр шинэчилж мэдээлнэ.
6.8.Энэ хуулийн 3.1.3-т заасан байгууллага дараах мэдээллийг долоо хоногийн дотор мэдээлнэ:
6.8.1.тухайн байгууллагад холбогдох энэ хуулийн 3.2.5, 3.2.7, 3.2.8-д заасан шийдвэр;
6.8.2.худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан;
6.8.3.төр болон орон нутаг тавь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа компанийн гаргасан их хэмжээний хэлцэлд тооцогдохуйц баталгаа, батлан даалт.
6.9.Арван сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр улс, орон нутгийн төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай зориулалтын сан, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, санхүүжилт, Засгийн газар, түүний харьяа байгууллагаас гаргасан бонд, үнэт цаас, өрийн бичиг, баталгаа, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээний дагуу санхүүжиж байгаа энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд нь нийт төсөвт өртөг, хэрэгжилтийн явц, үе шат, зарлага, санхүүжилтийн мэдээллийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу улирал бүр хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хүлээн авсан төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулах ба шаардлагатай гэж үзвэл олон нийтийн бусад цахим хуудас, өөрийн цахим хуудсаар давхар мэдээлж болно. Мэдээллийг төсвийн байгууллагын цахим хуудас, мэдээллийн самбар, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байрлуулахад энэ хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан этгээд төлбөр төлөхгүй.
6.10.Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан мэдэгдлийг хавсаргасан байна.
6.11.Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу төрийн санхүүжилт авч байгаа нам, эвсэл төрийн санхүүжилтийн төсөвт өртөг, зарлага, санхүүжилтийн мэдээлэл, тайланг хуульд өөрөөр заагаагүй бол жил бүр сонгуулийн төв байгууллагаас тогтоосон журмын дагуу гаргаж намын цахим хуудас, шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд байршуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./