11 дугаар зүйл. Төлбөр тооцооны үйлчилгээ
11.1.Банк өөрийн харилцагчид төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг түүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үзүүлнэ.
11.2.Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно.
11.3.Төлбөр тооцооны үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтооно.
11.4.Банк нь банк хоорондын гүйлгээгээ Монголбанк дахь харилцах дансаараа дамжуулан хийнэ. Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгч дээр байршуулсан дансаар гүйлгээгээ дамжуулж болно.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.5.Банкны төлбөр тооцооны үйл ажиллагааг хуулиар зохицуулна.
11.6.Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлогыг олгох үйлчилгээнд төлбөр тооцооны үйлчилгээний хөлс тооцохгүй.
/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
11.7.Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан албан татвар, төлбөр, хураамж төвлөрүүлэх гүйлгээнээс арилжааны банк үйлчилгээний хөлс тооцохгүй.
/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./