71 дугаар зүйл. Мэдэгдэл болон нэхэмжлэл хүргүүлэх

БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Мэдэгдэл болон нэхэмжлэл хүргүүлэх

/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн./

71.1.Банкны эрх хүлээн авагч нь банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг мэдэгдэл гаргаснаас хойш 60 хоног байхаар тогтоож, томилогдсон өдрөөс хойш хоёр сарын дотор банкны санхүүгийн тайлан, данс мэдээлэлд бүртгэгдсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдэд мэдэгдэж олон нийтэд мэдээлнэ.

71.2.Энэ хуулийн 71.1-д заасан нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор банкны эрх хүлээн авагч дараахь шийдвэрийг гаргана:

71.2.1.нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байвал шаардлагыг хүлээн авахаас татгалзах;

71.2.2.банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох;

71.2.3.банкийг албадан татан буулгах үүднээс банкны эрх хүлээн авагчийн цалин хөлс, зээлдүүлэгчийн нэрс, баталгаажсан нэхэмжлэл бүрийн үнийн дүн болон төлөх төлбөрийн нийт дүнг тусгасан татан буулгах арга хэмжээний төлөвлөгөө батлах;

71.2.4.нэхэмжлэлийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар нэхэмжлэгч этгээдэд мэдэгдэх.

71.3.Банкны эрх хүлээн авагч нь энэ хуулийн 71.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ ирүүлээгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.