14 дугаар зүйл. Номын сангийн уншигчийн эрх, үүрэг
14.1.Уншигч нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэл, зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлээс бусад хэвлэлийн бүтээгдэхүүнийг чөлөөтэй ашиглана.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан хэвлэлийн бүтээгдэхүүнийг ашиглах асуудлыг Соёлын өвийг хамгаалах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
14.3.Уншигч дараах эрх, үүрэгтэй:
14.3.1.төрийн болон орон нутгийн өмчийн номын сангийн үндсэн үйлчилгээг үнэ төлбөргүй авах;
14.3.2.стандартад нийцсэн орчин нөхцөлд зохих үйлчилгээг авах;
14.3.3.номын сан хоорондын солилцоогоор ном болон түүний хуулбараар үйлчлүүлэх;
14.3.4.уншигчийн эрх зөрчигдвөл холбогдох байгууллагад гомдол гаргах;
14.3.5.номын сангаас зохиож байгаа соёл, олон нийтийн ажилд оролцох, номын сангийн үйлчилгээний талаар санал оруулах;
14.3.6.ном, хэвлэлийг гэмтээж, үрэгдүүлбэл соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх журмын дагуу хохирлыг нөхөн төлөх;
14.3.7.номын сангийн үйл ажиллагаанд номын сангийн зөвлөл, холбоогоор дамжуулан оролцох;
14.3.8.номын сангийн дүрэм, журмыг сахиж мөрдөх;
14.3.9.ганцаарчилсан болон бүлгээр ажиллах боломжоор хангагдах.