20 дугаар зүйл. Номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт

НОМЫН САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Номын сангийн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт

20.1.Номын сангийн сан хөмрөгийг стандартын шаардлага хангасан зориулалтын байранд хадгална.

20.2.Түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах болон ганц хувь бүтээлийг цахим хэлбэрт оруулж баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгална.

20.3.Түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах болон ганц хувь бүтээл, гар бичмэлийг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгүүлж, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг хангасан байх бөгөөд энэхүү шаардлагыг хангах боломжгүй тохиолдолд Үндэсний номын санд нэн даруй шилжүүлэн хадгалуулж, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг бүрдүүлсний дараа буцаан шилжүүлнэ.

20.4.Номын сангийн сан хөмрөг нь гамшиг болон аюул, үймээн самуун, гэмт халдлагын үед устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс хамгаалагдсан байна.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.5.Улсын болон орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг гамшиг болон аюулын үед нүүлгэн шилжүүлэх журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.6.Номын сан нь гамшиг болон аюулын үед ажиллах төлөвлөгөөтэй байна.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

20.7.Номын сангийн сан хөмрөгийг даатгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.