3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."номын сан" гэж уншигчид тодорхой хугацаанд ашиглуулах зориулалттай сан хөмрөг бүхий мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, нэгжийг;
3.1.2."номын сангийн үйл ажиллагаа" гэж уншигчид ном, ном зүйн мэдээллийн үйлчилгээг хүргэх болон номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтын үйл ажиллагааг;
3.1.3."сан хөмрөг" гэж уншигчийн эрэлт, хэрэгцээг хангах зорилгоор бүрдүүлсэн хэвлэлийн бүтээгдэхүүн болон мэдээллийн бусад эх сурвалжийн хадгаламжийг;
3.1.4."цахим уншлагын үйлчилгээ" гэж уншигч цахим сүлжээг ашиглан эх сурвалжийг ашиглах үйлчилгээг;
3.1.5."номын татгалзал" гэж номын сангийн сан хөмрөгт байхгүй, эсхүл уншлагад хүрэлцдэггүйгээс уншигчийн хүсэлтэд удаа дараа татгалзсан хариу өгсөн номын бүртгэлийг;
3.1.6."уншигч" гэж номын сангийн үйлчилгээг хүртэгч иргэн, хуулийн этгээдийг;
3.1.7."тусгай бүлгийн уншигч" гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон номын санд биеэр ирж үйлчлүүлэх боломжгүй иргэнийг;
3.1.8."хэвлэн нийтлэлийн мэдээ" гэж тухайн хэвлэлийн бүтээгдэхүүнийг эрхлэн гаргасан байгууллага, зохиогч, гаралтын болон тооны мэдээ, олон улсын стандартын дугаар бүхий мэдээллийг.