8 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх журам

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, төлөх журам

8.1.Энэ хуулийн 6.1-д заасан даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл /цаашид "шимтгэл" гэх/-ийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар дараах байдлаар тогтооно:

8.1.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар жил бүр;

8.1.2.энэ хуулийн 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д заасан даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1-ээс доошгүй хувиар жил бүр;

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.3.энэ хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.5, 6.1.9, 6.1.12-д зааснаас бусад даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувиар жил бүр.

/Энэ заалтад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.Шимтгэлийг дараах байдлаар эрүүл мэндийн даатгалын санд хариуцан төлнө:

8.2.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийн шимтгэлийг даатгуулагч, ажил олгогч тэнцүү хувь хэмжээгээр сар бүр;

8.2.2.энэ хуулийн 6.1.2-6.1.4, 6.1.12-т заасан даатгуулагч шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.3.энэ хуулийн 6.1.5-6.1.8, 6.1.10-т заасан даатгуулагчийн шимтгэлийг улсын төсвөөс сар бүр;

8.2.4.энэ хуулийн 6.1.9-д заасан даатгуулагч шимтгэлийг өөрөө хагас жил, эсхүл жил бүр;

/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.2.5.энэ хуулийн 6.1.11-д заасан даатгуулагчийн шимтгэлийг хорих байгууллага сар бүр.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан даатгуулагчийн шимтгэлийг эрүүл мэндийн даатгалын санд дараах этгээд хариуцан төлүүлнэ:

8.3.1.энэ хуулийн 6.1.1-д заасан даатгуулагчийг ажил олгогч;

8.3.2.энэ хуулийн 6.1.3-т заасан даатгуулагчийг баг, хорооны Засаг дарга даатгагчтай байгуулсан гэрээний дагуу;

8.3.3.энэ хуулийн 6.1.9-д заасан даатгуулагчийг сургуулийн захиргаа;

8.3.4.энэ хуулийн 6.1.10-т заасан даатгуулагчийг цэргийн анги, нэгтгэл.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.