11 дугаар зүйл. Чөлөөт бүс дэх визийн тусгай дэглэм
11.1.Хилийн зурваст байрлалтай чөлөөт бүсэд хил залгаа улсын иргэн 30 хоногийн хугацаагаар визгүй, гуравдагч улсын иргэн харилцан зорчих нөхцөлийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зорчино. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй болон "орох-гарах" визтэй гадаадын иргэн оршин суух болон визийн байх хугацаанд аль ч чөлөөт бүсэд визгүй зорчино.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүний визийн байх хугацаа болон визгүй зорчих хугацааг нэг удаад 30 хүртэл хоногоор сунгаж болно.
11.4.Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн чөлөөт бүсэд дараах баримт бичгийн аль нэгийг шалгуулан нэвтэрнэ:
11.4.1.Монгол Улсын иргэн гадаад паспорт, иргэний үнэмлэх, эсхүл жолооны үнэмлэх;
11.4.2.гадаадын иргэн, харьяалалгүй хүн гадаад паспорт, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
11.4.3.Монгол Улсын 16 насанд хүрээгүй иргэн төрсний гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.