3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."чөлөөт бүс" гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг;
3.1.2."чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм" гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
3.1.3."гаалийн нутаг дэвсгэр" гэж Гаалийн тухай хуулийн[2] 4.1-д заасныг;
3.1.4."гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт" гэж Гаалийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг;
3.1.5."тарифын бус хязгаарлалт" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.14-т заасныг;
3.1.6."худалдааг хөнгөвчлөх" гэж олон улсын худалдааны үйл явц буюу худалдагчаас худалдан авагчид бараа, түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зураасан кодыг бүртгэх, төлбөр төлөхтэй холбоотой мэдээллийн урсгал, өгөгдөл, баримт бичгийг цөөлөх, хялбаршуулах, харилцан уялдуулах зэрэг үйл ажиллагааг;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.7."зураасан код" гэж бараа, түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээг тодорхойлох давхардахгүй дугаарыг;
/Энэ заалтыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.8."чөлөөт бүсэд зорчих" гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан болон хувийн хэргээр чөлөөт бүсэд нэвтрэхийг;
3.1.9."монголын бараа" гэж Гаалийн тухай хуулийн 3.1.2-т заасныг;
3.1.10."чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа" гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулсан нэмэгдсэн өртгийн 40-өөс дээш хувь нь чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт бий болсон барааг;
3.1.11.“эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” гэж хил залгаа улстай тус тусын хилийн зурвас дахь газарт Засгийн газар хоорондын хэлэлцээрт үндэслэн байгуулсан чөлөөт бүсийг. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, ТАТАН БУУЛГАХ