6 дугаар зүйл. Монгол хэлийг хэрэглэх

МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Монгол хэлийг хэрэглэх

6.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа, албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна:

6.1.1.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлт;

6.1.2.төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт;

6.1.3.бүх шатны шүүн таслах ажиллагааны тэмдэглэл, архивын холбогдох баримт бичиг;

6.1.4.Монгол Улсын олон улсын гэрээ;

6.1.5.Монгол Улсаас гадаад улс, дипломат төлөөлөгчийн газарт илгээх албан ёсны ноот бичиг;

6.1.6.Монгол Улсын иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, үндэсний гадаад паспорт, боловсролын баримт бичиг;

6.1.7.газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай, хуулийн этгээдийн нэр, хаяг;

6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бичиг, захидал хүлээн авагч, илгээгчийн хаяг;

6.1.9.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас хэвлэн гаргах мэдээлэл, товхимол;

6.1.10.олон нийтэд зориулсан зар;

6.1.11.албан байгууллага, барилга, байгууламж, нийтийн тээврийн хэрэгсэлд байрлуулах зааварчилгаа, мэдээлэл, аюулгүй ажиллагааны санамж.

6.2.Энэ хуулийн 6.1.4-6.1.6, 6.1.9-6.1.11-т заасан үйл ажиллагаа явуулах, албан хэрэг хөтлөхөд олон улсын харилцааны хэрэгцээ, шаардлагыг харгалзан гадаад хэл давхар хэрэглэж болно.

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.

6.4.Газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох асуудлыг нутгийн өөрөө удирдах байгууллага энэ хуулийн 21.1-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.

6.5.Бүх шатны сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинжлэх ухааны нэр томьёог монгол хэлнээ орчуулан хэрэглэхийг эрхэмлэнэ.

6.6.Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд гадаад хэлээр хандах бол монгол орчуулгыг хавсаргана.

6.7.Монгол Улсад аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын хуулийн этгээд, төрийн бус байгууллага Монгол Улсын төрийн байгууллага, иргэнтэй монгол хэлээр харилцаж, санхүү, татвар, хөдөлмөр, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой баримт бичиг, мэдээллийг монгол хэлээр үйлдэнэ.

БИЧИГ ҮСЭГ СОНГОН ХЭРЭГЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.