281 дугаар зүйл. Аймаг, нийслэл үнэт цаас гаргах /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
281.1.Аймаг, нийслэл нь тодорхой төсөл, арга хэмжээ, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зорилгоор үндэсний мөнгөн тэмдэгтээр дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж болно. Нийслэл нь гадаад үнэт цаасыг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, өмнө гаргасан үнэт цаасаа дахин санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газрын өрийн баталгаатайгаар гаргаж болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
281.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тухайн аймаг, нийслэлийн нэрийн өмнөөс үнэт цаас гаргагчийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
281.3.Энэ хуулийн 281.1-д заасан төсөл, арга хэмжээ нь энэ хуулийн 18.5.1, 18.5.2, 18.5.3, 18.5.4-т заасан шаардлагыг хангасан байна.
281.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга үнэт цаас гаргах тухай саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах бөгөөд дэмжсэн шийдвэр гарсан тохиолдолд төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж дүгнэлт гаргуулна.
281.5.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан нөхцөл, шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн болохыг тогтоосон тохиолдолд жилийн төсвийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхээс өмнө үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
281.6.Аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахад энэ хуулийн 19.1-д заасныг удирдлага болгох бөгөөд дараах шаардлагыг бүрэн хангасан байна:
281.6.1.Засгийн газраас үнэт цаас гаргах тухай зөвшөөрөл авсан байх;
281.6.2.Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээнд нийцсэн байх;
281.6.3.Засгийн газрын өрийн удирдлагын стратегийн баримт бичиг, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, зээллэгийн төлөвлөгөөнд нийцсэн, аймаг, нийслэлийн төсвийн төсөлд үнэт цаасаар хүлээх үүргийн хэмжээ, үнэт цаас гаргахтай холбогдсон зардлыг тусгасан байх;
281.6.4.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын энэ хуулийн 16.2-т заасны дагуу гаргасан дүгнэлт нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаар болон хуульд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд нийцсэн болохыг тогтоосон байх;
281.6.5.иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах тухай Засаг даргын саналыг дэмжсэн байх;
281.6.6.хууль тогтоомжид заасан бусад.
281.7.Аймаг, нийслэлийн Засаг даргын үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Засгийн газар баталж мөрдүүлнэ.
281.8.Аймаг, нийслэлийн үнэт цаасны төлбөрийг улсын төсвийн шилжүүлэг болон дэмжлэгээр төлөхийг хориглоно.
281.9.Энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчиж аймаг, нийслэлийн үнэт цаас гаргахыг хориглоно.
ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ЗЭЭЛ