24 дугаар зүйл. Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл
24.1.Хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулах, эсхүл тодорхой зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох асуудлаар хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулна. /Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.2.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд өөрчлөлт оруулж байгаа хууль тус бүрд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй.
24.3.Хуулийн өөрчлөлтийг хуулийн анхдагч эх бичвэрт оруулна.
24.4.Тухайн хуульд нэмэлт оруулах бол "нэмэлт оруулах тухай", өөрчлөлт оруулах бол "өөрчлөлт оруулах тухай", нэмэлт, өөрчлөлт аль алийг нь оруулах бол "нэмэлт, өөрчлөлт оруулах тухай", хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох бол "хүчингүй болсонд тооцох тухай" гэж хуулийн төслийг ялгавартай нэрлэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.5.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь дараах төрөлд хуваагдана:
24.5.1.хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
24.5.2.хуульд нэмэлт оруулах тухай;
24.5.3.хуульд өөрчлөлт оруулах тухай;
24.5.4.хуулийн зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай.
/Энэ заалтад 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.6.Хуульд оруулах өөрчлөлтийг зөвхөн нэг хуульд хамааруулж хийх бөгөөд өөрчлөлт орж байгаа хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтын дугаарыг тодорхой бичнэ.
24.7.Хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд зүйлийн гарчиг тавилгүйгээр зүйлийн агуулгыг дугаарын хойноос шууд бичнэ.
24.8.Хуулийн нэг зүйлд хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа бол өөрчлөлт тус бүрийг бие даасан заалт болгон тэмдэглэнэ.
24.9.Өөрчлөлт оруулж байгаа зүйл, хэсэг, заалтын зарим нэр томьёо, үг хэллэгийг өөрчилсөн буюу хассанаар түүний утга агуулга нэг мөр ойлгогдохооргүй байвал түүнийг өөрчлөн найруулна.
24.10.Хүчингүй болсонд тооцож байгаа хуулийн төслийн заалтад тухайн хуулийн хүчингүй болсонд тооцох бүх зүйл, хэсэг, заалтыг тусгана.
24.11.Хэрэв хуулийн төсөлтэй холбогдон хэд хэдэн хуульд нэр томьёоны өөрчлөлт оруулах бол хууль бүрд оруулах өөрчлөлтийг тусгасан нэг хуулийн төсөл боловсруулж болно.
/Энэ хэсгийг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/