22 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
22.1.Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сараас доошгүй хугацааны өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг бусад холбогдох баримт бичгийн хамтаар санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
22.2.Энэ хууль болон зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийн нөхцөл, шаардлагыг хангасан, тогтоосон журам, стандартыг мөрдөж ажилласан тохиолдолд аудитын хуулийн этгээдийн зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.3.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
22.3.1.өргөдөл;
22.3.2.сүүлийн гурван жилийн хугацааны үйл ажиллагааны тайлан;
22.3.3.ажиллагсдын жагсаалт;
22.3.4.үндсэн орон тоонд ажиллаж байгаа аудиторуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа;
22.3.5.мэргэшсэн нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйн тодорхойлолт.
22.4.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй.
22.5.Дараах нөхцөл байдал үүссэн тохиолдолд санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:
22.5.1.энэ хуулийн 8.1, 8.2 дахь хэсгийг зөрчсөн;
22.5.2.энэ хуулийн 9.4 дэх хэсгийг зөрчсөн;
22.5.3.энэ хуулийн 19.3 дахь хэсгийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй нь тогтоогдсон;
22.5.4.энэ хуулийн 20.4 дэх хэсгийг зөрчсөн үндсэн орон тоогоор ажиллуулахаар гэрээ байгуулсан аудитын хуулийн этгээдийг.
22.6.Энэ хуулийн 22.5-д заасны дагуу түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уг зөвшөөрлийг сэргээнэ.
22.7.Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүнд: /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
22.7.1.нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартын дагуу ажлын баримт бүрдүүлээгүй;
22.7.2.аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг гүйцэтгэхэд албаны байр, ажлын баримт бичиг, бусад шаардлагатай мэдээлэл үзүүлэхээс зайлсхийсэн;
22.7.3.санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан нь нотлогдсон;
22.7.4.хуульд заасан бусад. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
БУСАД