6 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага

6.1.Хүүхэд харах үйлчилгээг энэ хуулийн 13.1-д заасан үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.

6.2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах байр, гэр, гадна орчин нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:

6.2.1.байр, гэр, гадна орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, хүүхдийг аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хамгаалсан хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн байх;

6.2.2.хүүхэд харах үйлчилгээний байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах;

6.2.3.байр нь хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх;

6.2.4.гэрт зохион байгуулагдах бол гал тогооны тусгай гэртэй байх;

6.2.5.гадна бие засах газар ашиглах бол хүүхдэд аюулгүй байх болон эрүүл ахуй, ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангасан байх;

6.2.6.байр, гэрийн халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт нь амьдрах хэвийн нөхцөлийг хангасан байх;

6.2.7.байр, гэр нь ил задгай зуух, халаалтын хэрэгсэлтэй бол тэдгээрт хүүхэд ойртохгүй тусгаарлах хаалтыг заавал хийсэн байх.

6.3.Хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхдийг асран халамжлах, хамгаалах, хооллох, тоглуулах, амраах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, хэрэгсэлээр хангагдсан байна.

6.4.Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцах, асрах, хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, зөв хооллох, бие бялдар, оюун ухааны хөгжлийг дэмжих хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, бага насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдварт болон сэтгэцийн өвчингүй, эрүүл, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.5.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх бөгөөд хүүхдийн насны ялгааг харгалзан Засгийн газар тогтооно.

6.6.Хүүхэд харах үйлчилгээний нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна.

6.7.Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартыг Засгийн газар батална.

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, САНХҮҮЖИЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.