21 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл, түүний хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, импортлоход тавих шаардлага
21.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор тус улсад үйлдвэрлэсэн, угсарсан тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд шинжлэх ухааны холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байна.
21.2.Импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь зохих техникийн норм, дүрэм, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлт буюу гэрчилгээгээр баталгаажсан байна.
21.3.Гадаад улсад ашиглахыг хориглосон тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх хийцийн бүрэлдэхүүн хэсэг, нэмэлт тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.
21.4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлага хангасныг гэрчлэх шинжлэх ухааны холбогдох байгууллага, эсхүл техникийн хяналтын үзлэг, оношилгооны дүгнэлтгүйгээр тухайн тээврийн хэрэгслийг бүртгэхийг хориглоно.
21.5.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эд анги, нэмэлт тоног төхөөрөмжийн хийцийг өөрчилсөн тохиолдолд техникийн хяналтын үзлэг, оношилгоог давтан хийлгэж гэрчилгээ авна.
21.6.Баруун гар талдаа жолооны хүрдтэй механикжсан тээврийн хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор импортлохыг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2030 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./