23 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага
23.1.Тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн үйлчилгээ, засвар тухайн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд аюулгүй оролцох шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.
23.2.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засварыг хийхдээ үйлдвэрлэгчээс тогтоосон техникийн норм, дүрэм, зааварчилгааг мөрдлөг болгоно.
23.3.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх үйл ажиллагааг тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журмаар зохицуулна.
23.4.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23.5.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийх үйл ажиллагаа эрхлэн явуулах хуулийн этгээдэд тавих шаардлагыг үндэсний стандартаар тогтооно.
23.6.Тээврийн хэрэгсэлд техникийн үйлчилгээ, засвар хийсэн хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулсан байна.