12 дугаар зүйл. Албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Албан татварын тэг /"0"/ хувь хэрэглэх

12.1.Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна:

12.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;

12.1.2.Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;

12.1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ;

12.1.4.Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;

12.1.5.олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүн, зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;

12.1.6.Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос;

12.1.7.ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн.

12.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд энэ хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй.

12.3.Энэ хуулийн 12.1 дэх хэсэг нь Монгол Улсад оршин суугч бус этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр экспортын үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар суутган төлөгчид хамаарна.

/Энэ хэсэгт 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээг эрхлэхтэй холбогдуулан Монгол Улсын хилийн дотор салгаж хийсэн тээвэрлэлтэд энэ хуулийн 12.1.2 дахь заалт хамаарахгүй.

12.5.Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно.

АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.