17 дугаар зүйл. Нэгдсэн ба хэрэглэгчийн систем

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Нэгдсэн ба хэрэглэгчийн систем

17.1.Нэгдсэн ба хэрэглэгчийн системийн үйлчилгээ эрхлэгч этгээдийн ажиллах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.2.Нэгдсэн систем хариуцагч дараах үүрэгтэй:

17.2.1.нэгдсэн системийн хэвийн үйл ажиллагааг хангах;

17.2.2.хэрэглэгчийн системийн дамжуулсан мэдээллийг үндсэн системийн санд бүрэн, үнэн зөв нэгтгэх, эрх бүхий этгээдэд тайлагнах;

17.2.3.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын тохирол, буцаан олголтын үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үйл ажиллагааны журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17.3.Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

17.3.1.албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ;

17.3.2.бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно;

17.3.3.хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ;

17.3.4.албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.

17.4.Албан татвар суутган төлөгч хэрэглэгчийн системтэй байна.

17.5.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.

17.6.Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

17.7.Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн дамжуулсан төлбөрийн баримтын мэдээллийг доор дурдсанаас бусад этгээд танилцах эрхгүй бөгөөд задруулахыг хориглоно:

17.7.1.татварын алба;

17.7.2.статистикийн алба;

17.7.3.тухайн мэдээллийг дамжуулагч этгээд.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.