4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."борлуулалт" гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг;

4.1.2. "бараа"гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг;

4.1.3."ажил" гэж Иргэний хуулийн Гучин нэгдүгээр бүлэгт заасан "ажил гүйцэтгэх" гэснийг;

4.1.4."үйлчилгээ" гэж бараа борлуулах, ажил гүйцэтгэхээс бусад аливаа үйл ажиллагааг;

4.1.5."аж ахуйн үйл ажиллагаа" гэж ашиг олох зорилготой болон тийм зорилгогүй, бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг;

4.1.6."оршин суугч эсхүл оршин суугч бус" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд дараах байдлаар тус тус тодорхойлсон этгээдийг хэлнэ:

4.1.6.а."оршин суугч", гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга байрладаг албан татвар төлөгч, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.3-т заасан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийг;

/Энэ дэд заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.6.б."оршин суугч бус" гэж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5.5-д заасан Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийг;

/Энэ дэд заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.7."орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай баригдан уг зорилгоор, аж ахуйн үйл ажиллагааны бус хэлбэрээр ашиглагдаж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нийтийн болон амины орон сууцны барилгыг;

4.1.8."нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг;

4.1.9."гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа" гэж давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад зориулсан, түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариу төлбөргүйгээр хүлээн авсан барааг. Үүнд буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас мөнгөөр өгсөн санхүүжилтээр дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээ мөн хамаарна;

4.1.10."төлбөр тооцоо хийх" гэж бэлэн ба бэлэн бусаар төлбөр тооцоо хийхийг;

4.1.11."нэгдсэн систем хариуцагч" гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний цахим баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйл ажиллагааг зохион байгуулах татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;

4.1.12."хэрэглэгчийн систем нийлүүлэгч" гэж Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн этгээдийн үйл ажиллагаанд зориулсан бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг нийлүүлэх хуулийн этгээдийг;

4.1.13."нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;

4.1.14."төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг;

4.1.15."дахин давтагдашгүй төлбөрийн дугаар" гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгч албан татвар суутган төлөгчийн татвар төлөгчийн дугаар, салбар, төлөөлөгчийн газартай бол салбарын дугаар, төлбөр тооцооны он, сар, өдөр, төлбөр тооцооны дэс дугаарыг дунд нь ямар нэг тэмдэгт хэрэглэлгүйгээр үргэлжлүүлэн тоон утгаар илэрхийлсэн дугаарыг;

4.1.16."бүртгэлийн хэрэгсэл" гэж бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, төлбөр төлж, борлуулалт хийснийг нотлох зориулалт бүхий төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан тусгай таних тэмдэг бүхий эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан төлбөр, төлбөрийн карт болон түүнтэй адилтгах мэдээлэл хадгалах, дамжуулах боломж бүхий бүх төрлийн төлбөр тооцооны бүртгэлийн хэрэгслийг;

4.1.17."бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг;

4.1.18."бүртгэлийн систем" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг;

4.1.19."нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан өдрийг;

4.1.20."нэгдсэн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийн бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсний төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулах, боловсруулах, тайлагнах үйлдэлтэй системийг;

4.1.21."хэрэглэгчийн систем" гэж Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа этгээдэд зориулсан бараа, агуулах, борлуулалтын бүртгэл, төлбөр тооцооны бүрэлдэхүүн хэсэг, бараа, ажил, үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдон ажиллах баталгаажсан тоног төхөөрөмж болон системийг.

АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, АЛБАН ТАТВАР СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ ТОДОРХОЙЛОХ, ТҮҮНИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.