9 дугаар зүйл. Албан татвар тооцох үнэлгээ
9.1.Албан татвар тооцох үнэлгээг доор дурдсан журмаар тодорхойлно:
9.1.1.импортын барааны албан татвар тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон гаалийн үнэ дээр гаалийн албан татвар, онцгой болон бусад албан татварыг нэмж;
9.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээг тэдгээрийн тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.3.энэ хуулийн 7.2.1, 7.2.2-т заасан үйл ажиллагаанд албан татвар тооцох үнэлгээг тэдгээр бараа, ажил, үйлчилгээний тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.4.эд мөнгөний хонжворт сугалаа, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар тооцох үнэлгээг оролцогчийн төлсөн нийт мөнгөн дүнгээр;
9.1.5.өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар барагдуулсан бол үнийн дүнгээр;
9.1.6.энэ хуулийн 7.2.12-т заасан зуучлалын үйлчилгээний хувьд зуучлалын гэрээнд заасан зуучлалын шагнал, хөлсний дүнг гэрээнд тусгайлан заагаагүй бол тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн;
9.1.7.энэ хуулийн 7.2.16-д заасан шаардах эрхийг худалдан авч, санхүүжилт хийж байгаа этгээдийн татвар тооцох үнэлгээг шаардах эрхэд хамаарах нийт үнийн дүнгээс санхүүжилтэд өгсөн үнийн дүнг хасч.
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.2.Дараах тохиолдолд албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн үнэ, тарифыг үндэслэн тодорхойлно:
9.2.1.борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнэ, тариф тодорхойгүй;
9.2.2.бараа,ажил, үйлчилгээг харилцан солилцсон;
9.2.3.харилцан хамаарал бүхий этгээдүүд үнэгүй, эсхүл зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнэ, тарифаар хоорондоо бараа, ажил, үйлчилгээ борлуулсан.
9.3.Албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол түүнийг энэ хуулийн 10.2-т зааснаар тогтоосон өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.