10 дугаар зүйл. Захиргааны байгууллагын харилцан туслах үүрэг

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Захиргааны байгууллагын харилцан туслах үүрэг

10.1.Захиргааны байгууллага хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гарган бусад захиргааны байгууллагаас туслалцаа авч болно: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

10.1.1.эрх зүйн хувьд өөрөө тодорхой үйл ажиллагаа явуулах боломжгүй бол;

10.1.2.үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөц, эсхүл бүтэц, тогтолцоо бодитоор дутагдсан бол;

10.1.3.чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэлгүй, олж авах боломжгүйгээс холбогдох мэргэжлийн байгууллагын туслалцаа шаардлагатай бол.

10.2.Захиргааны байгууллага туслалцаа хүссэн бусад захиргааны байгууллагатай хамтран ажиллах үүрэгтэй.

10.3.Энэ хуулийн 10.1-д заасан асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг туслалцаа хүссэн байгууллага хариуцна.

10.4.Захиргааны байгууллага дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй:

10.4.1.хуулиар хориглосон бол;

10.4.2.нийтийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаар бол;

10.4.3.тухайн асуудал Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар туслалцаа үзүүлэх боломжгүй бол. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өрчлөлт оруулсан /

10.5.Захиргааны байгууллага дараах тохиолдолд туслалцаа үзүүлэхгүй байж болно:

10.5.1.өөр захиргааны байгууллага шуурхай, эсхүл бага зардлаар албан туслалцаа үзүүлж чадахаар бол;

10.5.2.тухайн байгууллагын бодит боломжоос давсан бол;

10.5.3.туслалцаа үзүүлснээр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд бэрхшээл учрахаар бол.

10.6.Дээд болон доод шатны захиргааны байгууллагын хүсэлтийг шийдвэрлэх, тодорхой үйл ажиллагааг тухайлсан хуулиар захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааруулж, хэрэгжүүлснийг харилцан туслалцаа гэж үзэхгүй.

ЗАХИРГААНЫ ШИЙДВЭР ГАРГАХ АЖИЛЛАГАА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.