103 дугаар зүйл. Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах
103.1.Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
103.2.Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
103.3.Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
103.4.Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны захиргааны байгууллага болон шүүх хохирлыг буруутай этгээдээр төлүүлэхээр гаргасан актын хувийг холбогдох аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./