13 дугаар зүйл. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч
13.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.
13.2.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно.
13.3.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна.
13.4.Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцох тохиолдолд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан хэлмэрчийн тусламжтайгаар оролцоно.