15 дугаар зүйл. Оролцогчийн эрх

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Оролцогчийн эрх

15.1.Оролцогч захиргааны байгууллагатай харилцахдаа дараах эрхийг эдэлнэ:

15.1.1.захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах;

15.1.2.тухайн захиргааны шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтны талаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.3.өөрийн гаргаж өгсөн баримт бичгийн баталгаажсан хуулбар болон эх хувийг буцаан авах;

15.1.4.захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх;

15.1.5.хэрэгжүүлэхийг хүссэн төсөл, үйл ажиллагаа, төлөвлөгөө, өргөдөл, хүсэлтийн талаар мэдээлэл авах;

15.1.6.хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллагын бүртгэл, архивын баримттай танилцах;

15.1.7.захиргааны байгууллагыг хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах;

15.1.8.хуульд заасан бусад эрх.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан мэдээлэл авах эрх төрийн болон албаны нууцын тухай, байгууллагын нууцын тухай, хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдсан мэдээллээр хязгаарлагдана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.