33 дугаар зүйл. Хугацааг тодорхойлох
33.1.Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацааг хуанлийн жил, сар, гараг, хоног, ажлын өдөр, цаг, минутаар тодорхойлно.
33.2.Хугацааг хуульд заасны дагуу бий болох үйл явдлаар тодорхойлж болно.
33.3.Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно.
33.4.Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна.
33.5.Үүргийг захиргааны байгууллага гүйцэтгэх бол зохих журмаар тогтоосон тухайн байгууллагын ажлын өдөр дуусах эцсийн цагийн дотор гүйцэтгэнэ.
33.6.Баримт бичгийг тогтоосон хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь гүйцэтгэсэн гэж үзнэ.
33.7.Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, хагас жилийг зургаан сараар, улирлыг гурван сараар, хоногийг хорин дөрвөн цагаар тоолно.
33.8.Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно.
33.9.Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна.
33.10.Хуанлийн жил нь 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусна.
33.11.Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна.
33.12.Гарагаар тогтоосон хугацаа тухайн товлосон гараг дуусах эцсийн цагт дуусна.
33.13.Цагаар тогтоосон хугацаа уг хугацаа дуусах цагийн мөн хоромд дуусна.
33.14.Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
З3.15.Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.
33.16.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
33.17.Захиргааны байгууллагаас эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон хууль бус захиргааны актад энэ хуулийн 33.16 дахь хэсэг хамаарахгүй.
33.18.Захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтална.
/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/