52 дугаар зүйл. Захиргааны гэрээ

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

52 дугаар зүйл. Захиргааны гэрээ

52.1.Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.

52.2.Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:

52.2.1.төрийн алба, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах болон бусад захиргааны эрх зүйн харилцаанд;

52.2.2.захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд;

52.2.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

52.2.4.концессын харилцаанд; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

52.2.5.хуульд заасан бусад харилцаанд. /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.