60 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага
60.1.Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна:
60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх; /Энэ заалтад 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан /
60.1.2.тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх;
60.1.3.тэмдэглэх хэсэгт үндэслэл болгож байгаа хуулийн заалтыг заасан байх;
60.1.4.шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх;
60.1.5.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
60.1.6.хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
60.1.7.тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх;
60.1.8.бусад хуулийн заалтыг давхардуулан заалгүйгээр шаардлагатай тохиолдолд эшлэл хийгдсэн байх;
60.1.9.баталсан байгууллага, албан тушаалтны болон захиргааны хэм хэмжээний актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх;
60.1.10.хуульд заасан бусад шаардлага.
60.2.Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4.1.2-т заасан баримт бичиг энэ бүлэгт хамаарахгүй. /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
60.3.Захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн батлах, эсхүл өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
60.4.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
60.5.Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулахдаа тухайн захиргааны хэм хэмжээний актын анхдагч эх бичвэрт оруулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./
60.6.Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон хуулийг хүчингүй болгох, шинэчлэн найруулах, эрх олгосон заалтад агуулгын өөрчлөлт оруулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг хамтад нь боловсруулна. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./