79 дугаар зүйл. Төлөвлөлтийн эрх зүйн үйлчлэл
79.1.Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна.
79.2.Нийтийн болон хувийн ашиг сонирхолтой холбоотой гомдлыг энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан гомдол гаргах журмын дагуу шийдвэрлэнэ.
79.3.Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй.
79.4.Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно.
79.5.Төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй.
79.6.Энэ хуулийн 79.5-д заасан сөрөг нөлөөг арилгах болон багасгах боломжгүй бол нөхөн төлбөр олгоно. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирол энэ зүйлд хамаарахгүй.