95 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх журам
95.1.Захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна:
95.1.1.захиргааны акт хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн эсэхийг шалгах;
95.1.2.захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэглэсэн байдлыг шалгах;
95.1.3.гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд гомдлыг шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг урьдчилан мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр нь байлцуулах.
95.2.Энэ хуулийн 95.1.3-т заасан этгээд хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр гомдлыг хянан шийдвэрлэж болно.
95.3.Иргэн хүсэлт гаргасан, эсхүл захиргааны байгууллага шаардлагатай гэж үзвэл шинжээч томилон дүгнэлт гаргуулна.
95.4.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
95.4.1.захиргааны акт гаргаж байгаа байгууллагын нэр, хаяг, албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр болон өөрийн нэр;
95.4.2.захиргааны акт гаргасан, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан он, сар, өдөр, газар;
95.4.3.гомдол гаргагч, хариуцагч, бусад оролцогчийн эцэг, /эх/-ийн нэр болон өөрийн нэр;
95.4.4.гомдлын агуулга, шаардлага;
95.4.5.мэргэжлийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримт;
95.4.6.тэмдэглэл хөтөлсөн болон гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтан, захиргааны байгууллагын эрх баригчийн гарын үсэг.
95.5.Гомдол гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэхээр бол энэ хуулийн 95.4 дэх хэсэг үйлчлэхгүй бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага захиргааны актыг шууд гаргаж болно.
95.6.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 95.1, 95.2, 95.3, 95.4-т заасан ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдлын талаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.
95.7.Гомдол гаргагчийн хүсэлтийг захиргааны байгууллага хүлээн зөвшөөрч өөрөө шийдвэрлэж болно.
95.8.Хамтын удирдлага бүхий захиргааны байгууллага гомдлыг хэлэлцсэн бол асуудал шийдвэрлэх ердийн журмыг баримтлан захиргааны акт гаргана.
95.9.Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно.