4 дугаар зүйл. Бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах ажиллагаа
4.1.Татварын болон Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө: /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль;
4.1.2.Татварын ерөнхий хууль;
4.1.3.Нийгмийн даатгалын ерөнхий хууль; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль;
4.1.5.Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль;
4.1.6.Гаалийн тухай хууль;
4.1.7.Захиргааны хариуцлагын тухай хууль.
4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр албан татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа шинээр тайлагнасан, хориглосноос бусад хилээр мэдүүлээгүй нэвтрүүлсэн бараагаа гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа /цаашид "орлогоос бусад албан татвар ногдох зүйл" гэх/-нд албан татвар, хүү, торгууль, алданги нөхөн ногдуулахгүй.
4.3.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу нийгмийн даатгалд ажил олгогчоор шинээр бүртгүүлсэн, эсхүл нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг нуусан буюу хэмжээг нь бууруулснаа сайн дурын үндсэн дээр ил болгож, тайлагнасан нөхцөлд нуусан болон бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги, хариуцлагаас чөлөөлнө. Нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчийн шинээр гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг нийгмийн даатгалын эхлэлтийн тайлан гэж үзнэ.
4.4.Нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 4.1, 4.2 дахь хэсэг мөн адил хамаарна.