16 дугаар зүйл. Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах

16.1.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд /цаашид "борлуулагч" гэх/ нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно.

16.2.Сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг галт зэвсэг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл аваагүй этгээдэд сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгож болно.

16.3.Хууль зүйн, спорт, байгаль орчин, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тагнуул, цагдаа, гаалийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс /цаашид "Комисс" гэх/ сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэнэ.

16.4.Комиссын даргыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

16.5.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь өөрийн ажиллуулж байгаа буудлага үйлдэх байгууламж /тир/-д сум худалдаалах, импортлох эрхтэй байна.

16.6.Монгол Улсад галт зэвсэг, сум худалдах төв /цаашид "Төв" гэх/ ажиллуулах эрх улсын хэмжээнд гурваас илүүгүй хуулийн этгээдэд олгогдох бөгөөд Төв ажиллуулах эрхийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

16.7.Борлуулагч энэ хуулийн 16.6-д заасан Төвд байрлан галт зэвсэг, сум худалдан борлуулна. Төв нь орон нутагт салбартай байж болно.

16.8.Борлуулагч галт зэвсэг, сум худалдан авагч иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хуулбарлаж авна.

16.9.Тухайн жилд импортлох галт зэвсэг, сумны төрөл, зориулалт, тоо хэмжээг Комиссын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

16.10.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам, Төвд эрх олгох, салбар нээх журам, Төвийн зохион байгуулалт, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

16.11.Борлуулагч нийтэд худалдах галт зэвсэг, сумыг тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр тээвэрлэх бөгөөд тээвэрлэх маршрут, хугацааг цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.