19 дугаар зүйл. Галт зэвсэг, сум улсын хилээр нэвтрүүлэх
19.1.Энэ хуулийн 16.1, 16.2, 16.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хууль зүйн болон гаалийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
19.2.Галт зэвсэг өмчлөх эрхтэй Монгол Улсын иргэн өөрөө өмчлөх зорилгоор энэ хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг жилд нэг удаа улсын хилээр оруулах эрхтэй. Иргэн өөрөө өмчлөх зорилгоор оруулж ирсэн галт зэвсгийг оруулж ирснээс хойш гурван жилийн дотор бусдад худалдах, бэлэглэхийг хориглоно.
19.3.Энэ хуулийн 19.2-т заасан галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг олгох эсэхийг цагдаагийн байгууллага ажлын таван өдрийн дотор шийдвэрлэнэ.
19.4.Энэ хуулийн 9.1-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулж болно.
19.5.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх шийдвэр гаргана. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.6.Энэ хуулийн 19.5-д заасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:
19.6.1.тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөө;
19.6.2.галт зэвсэг, сумны тоо ширхэг;
19.6.3.тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт.
19.7.Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана.