3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."галт зэвсэг" гэж дарины шаталтаас үүссэн өндөр даралтын хүчээр сумны хошуу болон үрэл гол төмрөөс шидэгдэж амьд болон бусад биетийг гэмтээх, хөнөөх, устгах зориулалт бүхий буудлагын хэрэгслийг;
3.1.2."сум" гэж галт зэвсэгт зориулагдсан хонгио, бялт, дарин цэнэг, хошуу бүгд нэг биет болж угсрагдсан, эсхүл гол төмөрт хийж буудлага үйлдэх зориулалттай бүрдэл хэсгийг;
3.1.3."байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж байлдааны болон тусгай ажиллагаанд ашиглах зэвсэг, галт хэрэгсэл, түүний эд ангийг;
3.1.4."галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл" гэж галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг;
3.1.5."буудлага үйлдэх байгууламж /тир/" гэж галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээр спорт-сургалтын дадлага хийх болон энэ хуульд зааснаар ашиглах зориулалтаар тоноглож зассан орчныг;
3.1.6."хууль сахиулах албаны зориулалттай галт зэвсэг" гэж цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, авлигатай тэмцэх байгууллага, эсхүл тагнуулын байгууллагын мөрдөн шалгах, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагчийн эзэмшиж байгаа галт зэвсгийг;
/Энэ заалтад 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
3.1.7."үйлдвэрийн хийцийг өөрчлөх" гэж галт зэвсгийн гол төмөр, замаг, их бие буюу хайрцаг ангийг өөрчилснийг;
3.1.8."сумны зүрхэвч" гэж хуяг нэвтлэх чанарыг сайжруулахын тулд тусгай хайлшаар хийж сумны дотор байрлуулсан хэсгийг.
ГАЛТ ЗЭВСГИЙН ТӨРӨЛ