ГАЛТ ЗЭВСГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Татвар, төсөв, санхүү · 8 зүйл · хүчин төгөлдөр · legalinfo.mn ↗

1 дугаар зүйл. Галт зэвсгийн албан татвар төлөгч

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:

1.1.1.Монгол Улсын иргэн;

1.1.2.өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.

2 дугаар зүйл. Албан татвар ногдуулах галт зэвсэг

2.1.Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.

3 дугаар зүйл. Албан татварын хэмжээ

3.1.Галт зэвсэг эзэмшигчид жил бүр доор дурдсан хэмжээний албан татвар ногдуулна:

№ Галт зэвсгийн төрөл Албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 1 Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг 15 000 2 Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг - 6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг - 6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг - үрлэн сумтай галт зэвсэг 30 000 60 000 30 000

4 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх

4.1.Дараах галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:

4.1.1.музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;

4.1.2.байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг.

5 дугаар зүйл. Албан татвар төлөгчийн үүрэг

5.1.Албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:

5.1.1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

5.1.2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;

5.1.3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад энэ хуулийн 5.1.2-т заасан хугацаанд бүртгүүлэх.

6 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үүрэг

6.1.Цагдаагийн байгууллага галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд гаргаж өгнө.

7 дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа

7.1.Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.

8 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

8.1.Энэ хуулийг Галт зэвсгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

Энэ хуулийн талаар асуулт байна уу? Лавбоссоос асуугаарай — хариулт бүр уншсан зүйл рүү эшилдэг.