15.1 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх
1.Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/