18.1 дугаар зүйл. Зах зээл дэх монополь, давамгай байдлаа хууль бусаар ашиглах
1.Зах зээл дэх өрсөлдөөнийг хязгаарлах, устгах зорилгоор зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчид үгсэн хуйвалдах хэлцэл хийж зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгосон, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоосон, хэмжээг хязгаарласан, бараа, бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон; бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, түүнийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа, бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр зарж борлуулсан; өрсөлдөгч аж ахуйн нэгж, иргэний аж ахуйн үйл ажиллагааг зах зээлд оруулахгүй хясан боогдуулж бусдад их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсгийн дугаарт 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./