18.10 дугаар зүйл. Зориуд, зохиомлоор дампуурах
1.Зориуд дампуурах зорилгоор эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, үүрэг, эд хөрөнгийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөнийг нуусан; хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн эдийн засгийн үйл ажиллагааг илэрхийлсэн нягтлан бодох бүртгэл, бусад тооцооны баримт бичгийг нуусан, устгасан, өөрчилсөн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, үүсгэн байгуулагч зээлийн өр төлөхийг хойшлуулах, түүнийг төлөх нөхцөлийг хөнгөрүүлэх, зээлийн өрийн хүүг багасгах, төлөхгүй байхын тулд төлбөрийн чадваргүй болсон гэж харилцагч талд мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргаж зохиомлоор дампуурсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/