19.14 дугаар зүйл. Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх
1.Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэн гарсан Монгол Улсын иргэн хэргээ илчлэн ирсэн бол ялаас чөлөөлж болно.
-Үзэл бодол, улс төрийн, шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгигдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад орогнох эрх олж авахын тулд Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.
-Хүн худалдаалах, хүн хулгайлах гэмт хэргийн хохирогч болсон хүн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй.