21.10 дугаар зүйл. Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
1.Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө устсан, үрэгдсэн, гэмтсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2.Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./