22.11 дугаар зүйл. Дураараа аашлах /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.Нийтийн албан тушаалтан өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлсэн, ашигласан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсэг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулийн өөрчлөн найруулалтаар нэмэгдсэн./