22.2 дугаар зүйл. Албаны эрх нөлөөг урвуулан ашиглах
1.Нийтийн албан хаагч өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө, эсхүл өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж давуу байдал олж авсан, эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Нийтийн албан хаагчид энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал олгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Нийтийн албан хаагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн хариуд шууд, шууд бусаар давуу байдал шаардсан, олж авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Нийтийн албан хаагч албаны эрх нөлөөг урвуулан ашиглаж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хууль бусаар оролцсоны улмаас аж ахуйн нэгжийн төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/