22.5 дугаар зүйл. Хахууль өгөх /Энэ зүйлийн гарчгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

22.5 дугаар зүйл. Хахууль өгөх /Энэ зүйлийн гарчгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Тайлбар: -Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө. -Хахууль авагчийг хууль бус үйлдэл хийлгэхээр урьдчилан төлөвлөж, зориуд санаатайгаар хахууль өгсөн хүнийг ялаас чөлөөлөхгүй. Хахууль өгсөн хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн нь түүнд хүлээлгэх ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно.

/Энэ зүйлийн тайлбарт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийн тайлбарт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.