25.1 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

25.1 дугаар зүйл. Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах

1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.Хосгүй үнэт зэрэглэлд хамаарах түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.