26.1 дугаар зүйл. Кибер орчинд хууль бусаар халдах

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ · хүчин төгөлдөр

26.1 дугаар зүйл. Кибер орчинд хууль бусаар халдах

1.Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хандалтад хязгаарлалт тогтоосон, ноцтой саад учруулсан бол хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэх зорилгоор мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсэн бол хоёр жилээс арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.1.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.2.төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулж байгаа мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд; төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний албан болон тусгай хэрэглээний сүлжээнд; онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.